Үхлийн шархтай боловч ч 24 зорчигчийн амийг авраад хальсан жолооч

Саяхан хятадад нэгэн харамсалтай боловч сэтгэл хөдөлмөөр явдал болжээ. Жолооны ард сууж байхдаа үхлийн шарх авсан жолооч залуу салхи шиг хурдлах автобусаа бүрэн зогсоож, 24 зорчигчийн амийг авраад таалал төгсчээ. Хаанаас ч юм шидэгдсэн асар хурдтай төмрийн хэлтэрхий автобусны урьд цонхоор орж ирэн, жолооч залууг хүнд шархдуулсан байна. Гэвч тэрээр ухаан алдахаасаа өмнө автобусаа бүрэн зогсоож, зорчигчдыг замруу гарахгүй байхыг анхааруулж амжжээ.

Энэхүү явдал нь Өнгөрсөн Мягмар гарагт, Цянсу муж дахь Уси болон Ханжчоу хоёрын хоорондох зам дээр болсон байна. The China Daily –д бичснээр Ву Биний барьж явсан автобусны урд цонхоор 2,5 кг жинтэй төмрийн хэлтэрхий орж иржээ. Энэхүү агшны дүр зураг нь автобусны доторхи камер дээр бичигдэж үлдсэн байна.

Тавдугаар сарын 29-ний өдрийн бичлэг дээрхи автобусны өөдөөс ирэх төмрийн хэлтэрхийг харуулсан зургийн цуглуулгыг та харж байна.

30 орчим см-ийн урттай уг төмөр нь автобусны урд явж байсан ачааны машины араас унаж, хойш шидэгджээ. Гэрчүүдийн мэдэгдсэнээр төмрийн хэлтэрхий нь бараг 150 км/цагийн хурдтай нисч ирсэн байна.

Ву Биний дөрвөн хавирга нь хугарч, элэг нь бүхэлдээ урагдсаныг эмч нар тогтоожээ. Гэсэн ч тэсэхийн аргагүй өвдөлт, ухаан балартам цус алдалтын тэрээр шүд зуун тэсч, автобусаа зогсоон, ослын гэрлээ асааж амжсан байна. Дараагаар нь тэрээр босож зогсоод, зорчигчдод замруу гарвал аюултай, эсрэг талруу буух хэрэгтэйг сануулжээ.

Нэгэн гэрч: “Бид эхлээд маш хүчтэй чимээ сонсоод, гадаа хоёр машин мөргөлдчихлөө гэж бодсон. Үүний дараа бидний сууж явсан автобус намуухан зогсоод, царай нь цонхийж, цусанд будагдсан жолооч босч ирээд, хаалга онгойлгон өгч, болгоомжтой буухыг сануулсан даа.”- гэжээ.

Синьхуа агенлтагын нийтэлсэн Ву Биний гэр бүлийн зураг.

Эмч нар CNTV – д өгсөн ярилцлагадаа: “Тэр бидэнтэй ярилцах ч чадалгүй байсаар хорвоог орхисон. Мэс заслын дараа, амьсгалын аппарат залгуулсан байхдаа тэрээр бидний асуултад толгой дохих юмуу сэгсрэх төдий л хөдөлгөөн хийж чадаж байсан.”- гэжээ. Эмч нар чадах бүхнээ хийсэн боловч Ву Бинь ослоос хойш дөрөв хоногийн дараа хорвоог орхисон байна.

Түүнийг 6-р сарын 3-ны өдөр төрөлх хот Ханчжоу-д нь оршуулжээ.

Ву Биний үхлийг нутаг нэгтнүүд нь бүгд сэтгэл зүрхэндээ ойр хүлээн авч, чин сэтгэлээсээ эмгэнэн гашууджээ. Ард түмэн Ву Биний гэр бүлд хандив туслалцаа үзүүлж, төр засгаас ослын шалтгааны илрүүлж, Ву Биний гэр бүлд туслалцаа үзүүлэхийг шаардаж байгаа аж.

Хамт ажилладаг байсан хүмүүсийнх нь хэлснээр Ву Бинь нь уг автобусны компанид 2003 онд ажилд орсон бөгөөд 9 жилийн хугацаанд сая гаран километр газар автобус барьсан байна. Энэ нь экваторын бүсийг 25 удаа тойрсонтой тэнцэх зай юм. Тэрээр ажиллах хугацаандаа нэг ч осол хийж байгаагүйн дээр зорчигчдын зүгээс нэг ч гомдол хүртэж байгаагүй ажээ. Тэрээр эхнэртэйгээ 18 жил амьдарсан бөгөөд нас барахаасаа өмнө эхнэртээ сүйн бөгж авч өгнө гэж ярьдаг байж.

БНХАУ-ын төр засаг Ву Бинь-д хувьсгалын баатар цол хүртээж, ар гэрийг нь ивээлдээ авч, хандив туслалцаа үзүүлэхээр болсон байна. Хувьсгалын баатар цолтой хүний хүүхдүүд нь үнэгүй боловсрол эзэмшиж, ажиллах болон цэрэг татлагат байх хугацаандаа нэмэлт халамж эдэлдэг ажээ. Өмнө нь энэхүү гавъяаг 1969 онд, Даманскийн арал дээр амиа алдсан хятад цэргүүд, 1999 онд Белградад хорвоог орхисон Хятад сэтгүүлчид болон БНХАУ-ын ашиг сонирхлыг дайснуудаас хамгаалж, халуун амиа өгсөн хүмүүст олгосон байна.

Болсон явдлын эмгэнэлтэй төгсгөлийг үл харгалзан, Хятадын сэтгүүлчид жинхэнэ баатруудаасаа БНХАУ хагацаагүй болохыг зарлажээ. БНХАУ-ын сүүлийн хэдэн жилийн эдийн засгийн хурдацтай өсөлт нь үндэсний үзэл, хүмүүсийн хүн чанарт сөргөөр нөлөөлсөн болохыг тэд цохон тэмдэглэсэн байна.

Мянга мянган хятадын иргэд жолоочийн ар гэрт туслалцаа үзүүлэх хүсэлтээ илгээсэн ч Ву Биний төрөл төрөгсөд гадны дэмжлэгээс татгалзсан байна. Ву Бинь нь эцэг эх, гэргий болон өсвөр насны охинтойгоо маш үлгэр жишээч, төлөв даруу амьдралтай байсан аж. Ву Биний эгч Ву Биньсин хэлэхдээ “тэднийх төр засаг болон Ву Буний ажиллаж байсан автобус компаниас хангалттай туслалцаа авсан” -гэжээ.

caak.mn

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *