У.Хүрэлсүхийн багийн эхний хувилбар

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад Шадар сайд асан У.Хүрэлсүх нэр дэвшихээр МАН-ын Бага хурлаас мандатаа аваад байна. Тэрээр намын Бага хурал дээр Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй, боловсон хүчний тал дээр тодорхой хэмжээнд шинэчлэл хийх бодлого баримталж ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Харин Дэд сайд нарыг цөөлнө гэсэн боловч МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлыг шийдэхээр болжээ. Харин 11 дүгээр сарын сүүлээр болох Их хурлаараа намын дарга нь Ерөнхий сайд байх эсэхийг ярилцана. Хуулийн дагуу ирэх долоо хоногт Ерөнхий сайдаа томилох ёстой. МАН У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлснээ өчигдөр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулж, яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн хариу даруй өгсөн юм.

Хэдийгээр ирэх долоо хоногт У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар батламжлагдсан ч МАН-ын Их хурал гэх даваатай сар гаруйн дараа тулна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн зарим нь намын дарга өөрөө Ерөнхий сайдаа хийх ёстой гэсэн хатуу байр суурьтай байсныг сануулах нь зүй. МАН-ын дүрэмд хэдийгээр Намын дарга заавал Ерөнхий сайдаа хийж, хариуцлагаа үүрнэ гэсэн хатуу заалт байхгүй ч намын гишүүдийн хувьд энэ нь хамгийн зөв хувилбар. Ингэж чадвал Засгийн газрын томилгоо ч шударга явагдана гэсэн байр суурь илэрхийлж байгаа.МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр намын Бага хурлаас сонгосон Ерөнхий сайдаа Их Хурлаараа хөндөхгүй гэдгийг намын бүх шатандаа ярилцаж байгаа ч Их хуралд 65 биш 1009 гишүүн оролцоно. УИХ дахь МАН-ын бүлэг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар батламжлахаар санал нэгдсэн гэдгийг УИХ-ын гишүүд МАН-ын Бага хурал дээр тодорхой илэрхийлж байсан юм. Тиймээс ирэх долоо хоногт Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх ажиллах нь бараг тодорхой болсон гэж болно.

МАН Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Мэргэжлийн гэж тодотгож байсан бол энэ удаад ч Мэргэжлийн гэдэг тодотгол дээр Туршлагатай гэж нэмж буй юм. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хэлснээр түүний багт хуучин сайд нараас оруулахгүй. Тэгвэл түүний Засгийн газар дээрх тодотголд нийцсэн хангалттай боловсон хүчнээс бүрдэж чадах уу. Шинэ Засгийн газрын сайд нарын нэрс эхнээсээ сонсогдож л байна. Жишээ нь, Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр эсвэл Ч.Улаан ажиллах магадлалтай байгаа гэх.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын яамд хийгээд сайд нарын эхний хувилбар доорх байдлаар яригдаж буй аж.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ/ Сарын өмнө би сайд, дэд сайдын албан тушаалд оролцохгүй гэсэн итгэл үнэмшлээ илэрхийлсэн хэмээн ярилцлага өгсөн/, УИХ-ын гишүүн Г.Занданшатар
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд–УИХ-ын гишүүн Я.Содбаатар
Гадаад харилцааны сайд – УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
Сангийн сайд – УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайд – УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – УИХ-ын гишүүн С.Чинзориг
Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дэслэгч генерал Ц.Тогоо
Барилга, хот байгуулалтын сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд –Г. Чулуунбаатар /саяхан томилогдсон сайд/
Зам, тээврийн сайд – А.Ганбат /одоогийн сайд/
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – П.Сэргэлэн /одоогийн сайд/
Эрчим хүчний сайд – УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Эрүүл мэндийн сайд –Ж.Цолмон /дэд сайд асан/

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *