Б.Мэргэн: Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн тулд Цэцэд хандлаа

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийн талаар хохирогч талын өмгөөлөгч, өмгөөллийн “Веритас Партнерс” ХХНөхөрлөлийн гишүүн Б.Мэргэнтэй ярилцлаа. Тус хуулийн фирм нь энэхүү хэрэг дээр өмгөөлөгчдийн бүрэлдэхүүн томилон оролцож буй юм.

-ГИШҮҮНД ХЭТЭРХИЙ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОХ ЗАМААР ҮНДСЭН ХУУЛЬ
ЗӨРЧИЖ БАЙНА-

-УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар тайлбар өгөхгүй юү?

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хуульч нь шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох үйл ажиллгааг эрхлэн явуулдаг. Ийнхүү өмгөөлөхдөө зөвхөн шүүх хуралдаанд үйлчлүүлэгчээ төлөөлж оролцохоор хязгаарлагдахгүй хууль тогтоомжоор хориглоогүй эрх зүйн бусад туслалцаа үзүүлэх боломжийг өмгөөлөгчид мөн олгосон байдаг. Тийм ч учраас манай өмгөөллийн “Веритас Партнерс” хуулийн фирм нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, хүний эрхийг хамгаалах байгууллагуудад хандаж хамтран ажиллах болон хуулийн хүрээнд өөр бусад бүхий л боломжийг эрэлхийлэн, цогц хэлбэрээр үйлчлүүлэгийнхээ хөндөгдсөн эрхийг хамгаалуулах зорилготой дөрвөн хуульчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Миний хувьд Улсын Их Хуралтай, Үндсэн хуулийн цэц болон хүний эрхийн байгууллагуудтай харилцах асуудлыг нь түлхүү хариуцан ажиллаж байгаа юм. Тиймээс ч холбогдох хууль нь Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд өгснөөс гадна УИХ-ын холбогдох байнгын хороод, тэр дундаа Ёс зүйн дэд хороонд хандаад байна.

-Цэцэд яагаад хандсан юм бэ. Бусад хууль нь Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд л тухайн хуулийг өөрчлүүлэх гэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргадаг биз дээ?

-Үндсэн хуульд “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл гишүүн нь ямар хэмжээ, хязгаарын хүрээнд халдашгүй байх вэ гэдгийг ердийн хуулиар тодорхойлно гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан. Тийм ч учраас 1992 оны Улсын Их Хурлын тухай хууль, 1997 оны Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд “эрх бүхий байгууллага Улсын Их Хурлын гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг түтгэлзүүлж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэн”, эсвэл “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан” гэсэн хоёр тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байсан. Энэ зохицуулалт 2006 онд шинэчлэн батлагдсан Улсын Их Хурлын тухай хуульд ч хэвээр туссан байсан юм. Гэтэл 2010 онд тус хуульд өөрчлөлт оруулж, “эрх бүхий байгууллага гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэсэн заалтыг нь хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл гишүүн нь зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхдаа, нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л бүрэх эрхийг нь түдгэлзүүлж болно гээд бусад ямар ч тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглох тухай заалтыг УИХ-ын тухай хуулийн 34.7-д тусгасан. Ингэснээрээ Үндсэн хуулийн заалтыг хэт явцууруулан тайлбарлаж, гишүүнд бусдаас хэтэрхий давуу байдал олгох замаар Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд байгаа юм.

-Халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүнийг үйлдэл дээр нь барина гэж байх уу?

-Үнэндээ хүн амины, дээрмийн, булаах, танхайрах гэх мэт цөөн эрүүгийн хэргийг л үйлдэж байх явцад нь нотлох баримттайгаар баривчлах магадлалтай болохоос эрх мэдэлтэй нэгний үйлддэг албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлэн авлига авсан, зохион байгуулалттай үйлдэгдэж байгаа хэргүүдийг газар дээр нь нотлох баримттайгаар баривчлах тохиолдол бараг байдаггүй. Далд нууц хэлбэртэй үйлдэгддэг, гэрчгүй байх нь түгээмэл хүчингийн хэрэг ч үүнд хамаарна. Ийм гэмт хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд л илрүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааг хийхийн тулд шаардлагатай тохиолдолд саатуулах, үзлэг, нэгжлэг хийх зайлшгүй шаардлага гардаг. Гишүүн гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хэрэг үүссэн ч энэ бүх ажиллагааг хийж болохгүй гэчихээр гэмт хэргүүд илэрдэггүй. Гэтэл Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй, хэнийг ч албан тушаал болон бусад зүйлсээр нь ялгаварлаж болохгүй гээд заачихсан шүү дээ. Эдгээрийг ч мөн зөрчиж байгаа юм. Гишүүн болохоор гэмт хэрэг үйлдчихээд шалгуулдаггүй, энгийн иргэнд болохоор хууль өөрөөр үйлчилдэг байж болохгүй биз дээ.

-ОЛОН УЛСАД ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮНДЭЭ ИЙМ ӨРГӨН ХАЛДАШГҮЙ
ЭРХ ОЛГОДОГГҮЙ-

-Бусад улс оронд халдашгүй байдлыг хэрхэн зохицуулсан байдаг юм бол?

-Олон улсын жишигт ч парламентын гишүүндээ ийм өргөн халдашгүй эрх олгодоггүй. Учир нь хэт өргөн утгаар хэрэглэх нь хуулийн өмнө тэгш байх, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчих, тусгай эрх дархыг устгах тухай нийгмийн суурь зарчмуудтай харшилдаад зогсохгүй хууль тогтоох байгууллага бол гэмт хэрэгтнүүдийг орогнуулах газар болж хувирсан гэсэн буруу ойлголтыг нийгэмд төрүүлдэг. Тухайлбал, Франц, Япон зэрэг оронд зөвхөн парламентын чуулганы үеэр, Канад, АНУ-д парламентын чуулганд ирэх, оролцох, тэндээс явах үед л хүчинтэй үйлчилдэг. Их Британид халдашгүй байдал нь парламентын чуулганаас өмнөх 40 хоногоос эхлэн дараахь 40 хоногийг дуустал хадгалагддаг. Хугацааны дээрх хязгаарлалтаас гадна халдашгүй байдлыг хамрах хүрээгээр нь хязгаарладаг улсууд ч байдаг. Франц улсад парламентын гишүүний халдашгүй байдал нь эрүүгийн гэмт хэрэгт хамаарахгүй, АНУ-д эх орноосоо урвасан, хүнд гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн хэв журам зөрчсөн тохиолдолд халдашгүй байдал үйлчилдэггүй. Мөн парламентын гишүүний үүрэгтэй шууд холбоогүй үйл ажиллагаа, түүний үр дагаварт халдашгүй байдал үл хамаарах тухай заалтуудыг үндсэн хуульдаа тусгасан улсуудын тоо ч нэмэгдсээр байна. Малайз, Нидерланд зэрэг улсад парламентын гишүүний хувьд халдашгүй байдлыг хэрэглэдэггүй.

-Манай улс УИХ-ын гишүүддээ хэт “эрх чөлөө” олгочихсон байх нь ээ?

-Ингээд бодохоор Монгол улсад халдашгүй байдлын баталгааг маш өргөн хүрээтэй хэрэглэж байна. Энэ тухай НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны 2011 оны тайланд хүртэл дурдсан байдаг. Юу гэхээр “Гишүүн орон бүр төрийн албан хаагчдад халдашгүй байдал олгохдоо гэмт хэрэгт тооцох үйлдлийг үр нөлөөтэй мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх нөхцөл, боломжтой тэнцвэртэй хэрэглэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн албан хаагчдад албан үүргээ гүйцэтгэхэд нь туслах зорилгоор олгож байгаа халдашгүй байдлыг шаардагдах хамгаалалтаас хэтрүүлэн хэрэглэж байгаа нь гэмт хэрэгт тооцогдох хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна” гэсэн байдаг. Нээрээ ч тийм. Жишээ нь, Хууль сахиулах байгууллагаас авлигын хэргийг мөрдөн шалгах зорилгоор Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд хэд хэдэн удаа тавьж байсан боловч Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд хүлээн зөвшөөрөөгүй өнгөрч байсан шүү дээ. Ийм ч учраас бид УИХ-ын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргуулсны дараа Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг холбогдох байгууллагуудад нь гаргах, үр дүнд нь энгийн иргэний адил шалгуулж байж үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахыг зорьж байна. Нөгөөтэйгүүр энэ асуудал зөвхөн ярьж байгаа гишүүн, гэмт хэрэгтэй холбоотой биш цаашид ч гэмт хэрэг үйлдэж болзошгүй гишүүдээс, иргэд, нийгмийн эрх, ашгийг хамгаалахад чухал алхам болно гэж найдаж байгаа.

-ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙГ НУЛИМЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ-

-Цэцээс хэрхэн шийдэх бол гэсэн хүлээлт байгаа юу?

-Уг нь энэ асуудлаар бид анх удаа Цэцэд хандаж байгаа юм биш л дээ. 2011 онд иргэн Ц.Энхжингийн мэдээллийн дагуу Цэц дунд болон их суудлын хуралдаанаа хийж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргаж байсан юм. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болох учиртай. Цэцийн эцсийн шийдвэр 2012 оны 2 сард гарсан боловч УИХ-аас холбогдох заалтыг хүчингүй болгохгүй байсаар 2013 онд өөрчлөн найруулахдаа жоохон хүүхдийг чихрээр хуурч байгаа мэт зүйл хийсэн. Өмнө нь “УИХ-ын гишүүн хүн гэмт хэрэг үйлдэх явцад эд мөрийн баримттайгаар баривчлагдсан тохиолдолд” гэх заалт байсныг нь Цэцээс хүчингүй болго гэнгүүт “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримтын хамт баривчлагдсан тохиолдолд” гээд сольчихож байгаа юм. Үг сольсноос биш агуулга солиогүй. “Гэмт хэрэг үйлдэх явцад” гэдгийг “гэмт хэрэг үйлдэж байхдаа”, “Эд мөрийн баримттай” гэснийг “Нотлох баримттай” гэж өөрчилчихөөд, Үндсэн хууль зөрчсөн заалтаа засчихлаа гээд Үндсэн хуулийг, түүнийг хамгаалдаг Цэцийг хуурч, Цэцийн шийдвэрийг нулимж болохгүй биз дээ. Одоогоор Үндсэн хуулийн цэц хүлээж аван, Цэцийн Н.Чинбат гишүүнд хуваарилсан байдалтай байна. Хуульд зааснаар 30 хоногийн хугацаанд шийддэг. Нэмэлт материал судлах шаардлагатай гэвэл 30 хоногоор сунгах боломжтой. Гэвч туйлын тодорхой, ийм тохиолдол дээр заавал эцсийн хугацааг нь тулгалгүйгээр яаралтай шийдээд өгөх байх гэсэн итгэл байна.

-Ёс зүйн дэд хороонд хандаж буй шалтгаанаа тайлбарлаач. Тус хороо энэ асуудлаар хуралдах болов уу?

-Д.Гантулга гишүүнд холбогдох хэргийг эхлээд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шалгаад хэрэг үүсгэхээс татгалзсан боловч Улсын Ерөнхий прокурорын газраас хэргийг дахин нээснээр одоо Улсын Мөрдөн байцаах газар болон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн I хэлтсийн мөрдөгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаран ажиллаж байна. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар худал дүгнэлт гаргасан байх магадлалтай учраас гомдол гаргасны дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөн шалгаж байгаа. Ийнхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагууд Д.Гантулгад холбогдуулан зохих ажиллагааг хийж байгаа ч зайлшгүй дурдагдах ёстой Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн асуудал орхигдсоор байгаа юм. Д.Гантулга нь гэмт хэрэгт холбогдсоноос гадна Улсын Их Хурлын тухай хууль, Төрийн ордны тухай хууль, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг ч зөрчсөн үйлдэл гаргасаар ирсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.23-т “Гишүүн хууль, гишүүний ёс зүйг чанд сахих үүрэгтэй”, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1.5-т “Гишүүн нь Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлнэ”, 2.1.7-д “Гишүүн нь ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байна” гэж заасан байдаг. Монгол Улсын төрийн ордны тухай хуульд “Төрийн ордны хурал, зөвлөлгөөн, уулзалтын танхим, албан тасалгаанд энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн зохицуулалт ч бий. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга нь 2017 оны 7-р дугаар сарын 6-ны өдөр төрийн ажил хэргийн талаар биш өөрийн холбогдсон хүчингийн гэмт хэргийн талаар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж “Би дотуур хувцсаа өмсөж гарсан…” гэх мэт мэдээлэл өгснөөс гадна хохирогчийн эгч Ч.Саранзаяатай эмнэлэгт уулзан тохиролцоо хийх гэж байгаа бичлэгийнхээ талаар тайлбар хийсэн зэрэг нь дээрх хууль, ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл болсон.

УИХ-ын тухай хуулийн 24.3.2-т “Ёс зүйн дэд хороо нь гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг эрхэлнэ”, 24.4 дэх хэсэгт “Ёс зүйн дэд хороод өөрсдийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулж болно” гэж ч заасан. Эдгээрийг үндэслэн Д.Гантулга нь хууль болоод гишүүний ёс зүйгээ чанд сахих үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тийм болохоор гишүүнийхээ ёс зүйн асуудлыг хэлэлцэж, шаардлагатай бол нэгдсэн чуулганаар оруулж өгөөчээ гэх хүсэлтийн Ёс зүйн дэд хорооны дарга болон гишүүдэд нь хүргүүлсэн байгаа. Мөн УИХ-ын тухай хуулиар УИХ-ын дэд дарга нь гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр зохицуулсан учраас дэд дарга нарт ч хүсэлтээ хүргүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороонд ч мөн адил хуульд заасан үндэслэлээр хандаад хагас сар гаруй болж байна. Эдгээр хороод болон албан тушаалтнууд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан 30 хоногийн хугацаанд хариу өгнө гэдэгт итгэж хүлээж байна.

Ярилцсанд баярлалаа.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *